Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

Гишүүд Үндсэн хуулиа мэддэг бол “ХҮҮХДИЙН МӨНГӨ” тойрч хэрэлдэж, цаг алдах шаардлагагүй!

Нийгэмд дэг журам бий болгохын тулд л Хууль тогтоох дээд байгууллага нь нийгмээ судлаж, хууль боловсруулж, түүнийгээ хэлэлцэж, баталдаг. УИХ-аар батлагдсан хууль дүрмийг нийгмээрээ дагаж мөрдөн, сахин мөрдөх учиртай бөгөөд хэрвээ хуулиа дагаж мөрдөхгүй бол хариуцлага хүлээх ёстой. Гэвч хууль байсан ч, байгаагүй ч яг адилхан болчихоод олон жилийн нүүрийг үзэж байна.

Тэр бүү хэл УИХ-аас батлагдан гарч байгаа хуулиуд байтугай батлагдаад 26 жилийн нүүр үзэж байгаа “ҮНДСЭН ХУУЛЬ”-иа ч мэдэхгүй хүн олон байгаа юм. Тийм байж л Үндсэн хууль муу учраас бид муу муухай амьдарч байна хэмээн ярих. Хууль тогтоогчид нь ч гэсэн Ард иргэдийнхээ сэтгэхүйд нь “Үндсэн хууль” муу байгаа учраас бид яаж ч сайн ажилласан энэ нийгэм эмх цэгцэндээ орж өгөхгүй байна гэх ойлголтыг өгөх.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно, олгохгүй гэх мэтгэлцээн өрнөсөн. Гэвч ийнхүү хэлэлцэж байхдаа эрхэм гишүүд Үндсэн хуулиа огт мартаж, хоёр намын болон амин хувийн эрх ашгийн төлөө л үг хэлж байгаа нь гутамшигтай.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчин хүүхдүүдийг нийгмийн гарал үүсэл, эцэг эхийнх нь хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааг хууль тогтоох байгууллага нь явуулсаар байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгө тэтгэмж буюу “хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохыг танилцууллаа.

Тус тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.

Хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээсээ олж авсан нөхдүүд суурь хуулиа баримтлахгүйгээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно, олгохгүй хэмээн маргаж сууна. Хэрвээ тэд хуулиа мэддэг бол ийнхүү олон өдөр хоногоор хэрэлдээд, бие биенээ хэмлээд цаг алдаад байх шаардлага байхгүй. Гэвч ашиг сонирхолын зөрчил тэднийг ийнхүү хэрэлдүүлж, хэмлэлдүүлсээр л байгаа харагдана.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар УИХ-ын гишүүдийн хэн нь юу хэлэв

Н.Цэндбат

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он