Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

ИРГЭН ТАНЫ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ

Шинэ зууны иргэн болж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тань бага ч болов хувь нэмэр оруулахыг бид зорьсон юм. Ингээд Мандтугай.мн вэб сайтын зүгээр уншигч та бүхний хууль эрх зүйн мэдлэгт нэмэр болох үүднээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа ёс зүйн дүрмүүдээс цуврал болгон хүргэх гэж байна. Өнөөдөр Төрийн захиргааны албан хаагчдын ёс зүйн дүрмийг та бүхэндээ хүргэе.

Ёс зүй гэж юу вэ?

Ёс зүй нь гүн ухааны нэгэн салбар бөгөөд ёс зүйн талаар асуултуудыг (сайн эсвэл муу, зөв эсвэл буруу, сайн үйл эсвэл муу үйл, хууль дүрэм эсвэл гэмт хэрэг гэх мэт) судлана. Ёс зүй хэмээх ойлголт нь эртний грекийн Ethos буюу хамтран амьдрах, оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байсан. Хожим нь хөгжлийн явцад”ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг” гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлэх болсон. Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд “Этос” гэх ойлголтыг анх хэрэглэсэн. Үүгээрээ тэрээр сайн үйл болох эр зориг, шударга байдал зэрэг хүний сайн чанарыг тэмдэглэж, түүнийгээ дианоэтик болон оюун ухааны сайн үйлээс ялгаатай авч үзсэн Үүнээс үүдэхэд ёс зүй гэдэг нь хүний сайн сайхан үйлийг хэлнэ гэж ойлгож болно. Этика буюу ёс зүй хэмээх ойлголтын түүх нь эртний Римээс үндэслэлтэй гэж бас үздэг. Римчүүд Этос гэсэн үгнээс Мораль гэх ойлголтыг гаргаж авсан. Өөрөөр хэлбэл 2 өөр үг боловч нэг ижил утга санааг илэрхийлдэг байж. Харин яваандаа Этика нь Ёс зүй, Мораль нь Ёс суртахуун гэх ойлголтуудыг тус тусдаа илэрхийлэх болсон. Ийнхүү харахад Этика буюу ёс зүй нь тусдаа бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжиж, харин Мораль буюу ёс суртахуун нь түүний нэгэн судлагдахууун болсон гэж ойлгоно. Эндээс ёс зүй бол ёс суртахууны тухай шинжлэх ухаан юм гэсэн дүгнэлтийг гаргаж болно. Ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогцыг нөгөө талаас хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээний нийлбэр цогцыг хамран судалдаг шинжлэх ухаан юм гэж Википедиа чөлөөт нэвтэрхий тольд тэмдэглэн үлдээсэн байна.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Төрийн захиргааны албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална
-шударга ёсны;
-хууль дээдлэх;
-тэгш байдал;
-хариуцлага хүлээх;
-олон нийтэд үйлчлэх.

Төрийн захиргааны албан хаагч нь дээрх зарчмын хүрээнд төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ дор дурдсан зүйлсийг эрхэмлэн дээдэлнэ.

Үүнд:

Шударга ёсны зарчмын хүрээнд: хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;

Дээрх эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

  1. Өөрийн өмчийн байдал, тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх;
  2. Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;
  3. Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;
  4. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;
  5. Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.

Хууль дээдлэх зарчмын хүрээнд: төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;

Дээрх эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

  1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;
  2. харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
  3. хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
  4. албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
  5. төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.

Тэгш байдлын зарчмын хүрээнд: бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах;

Дээрх эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

  1. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
  2. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
  3. танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх;
  4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;
  5. бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох.

Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд: албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

Дээрх эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

  1. өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх;
  2. ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;
  3. удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;
  4. захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;
  5. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;
  6. албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх;
  7. байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд: төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.

Дээрх эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө:

  1. албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;
  2. төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах;
  3. иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх.

Дээрх журмыг Төрийн албаны тухай хуулийн 7.1-д заасан албан тушаалтнууд мөрдөх юм байна

Үүнд:

Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал;

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал;

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Төрийн албаны тухай хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

Бэлтгэсэн Н.Цэндбат

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он