Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

УИХ хууль зөрчин хуралдаж байгаа юм биш биз

Засгийн газрыг огцруулах тухай асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар хэлэлцэгдэж байна. Гэхдээ өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа юм. УИХ-ын дэд дарга ямар үед УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлэх тухай зохицуулалт УИХ-ын тухай хуулийн 12-р зүйлд тодорхой байдаг.

12.4. Улсын Их Хурлын дэд дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг;

12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.

УИХ-ын тухай хуулинд ийнхүү зохицуулалттай байна. Гэвч УИХ-ын дарга чуулганы танхимд байхад яагаад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг даргалах болов?

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар ашиг сонирхолын зөрчилтэй учраас ийнхүү УИХ-ын дарга чуулганы танхимд шилжин суусан гэх тайлбарыг өгч байна. Гэвч УИХ-ын тухай хуулиараа бол энэ үйл явцыг зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа юм.

Түүнчлэн УИХ-ын даргыг ашиг сонихолын зөрчилтэй гэж үзээд чуулганы хуралдааныг даргалуулаагүй бол УИХ-ын гишүүд ч гэсэн ашиг сонирхолын зөрчилтэй учраас шийдвэр гаргах чадамж байхгүй гэж үзэх үндэслэл бий болох магадлалтай.

Хэрвээ өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцсэн бол дэд дарга хуралдааныг даргалах байв. Ийм зохицуулалт УИХ-ын тухай хуулинд бий.  Тус хуулийн 10.7-д ” Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх нэгдсэн хуралдааныг олонхийн буюу хамгийн олон суудал авсан нам, эвслийн бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална” гэж заасан байдаг.

Гэвч Засгийн газрыг огцруулах  асуудлыг яг одоо УИХ-ын чуулганы  хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.  Тэгэхээр УИХ-ын дарга биеэр байгаа атлаа яагаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсангүй вэ гэх асуулт хариулт эрж байна?

Н.Цэндбат

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он