Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

 ИРГЭН ТАНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм

Цагдаагийн алба бол гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй байдаг. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх  ёстой байдаг байна. Үүнд:

 

 ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧМЫН ХҮРЭЭНД:

  1. Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах;
  2. Албан үүргээ гүйцэтгэх явцдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр суурь илэрхийлэхгүй байх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх;
  3. . Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, албан хэрэгцээний мэдээ, мэдээлэл, баримт сэлт, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх;
  4. . Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллагсдадаа энэ талаар хууль ёсны шаардлага тавих;
  5. Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;
  6. Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРЧМЫН ХҮРЭЭНД:

  1. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
  2. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;
  3. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжилж, сүрдүүлэхгүй байх;
  4. . Хамтран ажиллаж байгаа алба хаагчдын албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх;

ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧМЫН ХҮРЭЭНД:

  1. Авлигын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрийн өмчийн байдал, түүнд орсон өөрчлөлт, орлогын талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үнэн зөв, бүрэн мэдүүлэх;
  2. Хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг гүйцэтгэхгүй байх;
  3. . Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээ, мэдээллийг цагдаагийн алба хаагчийн нэр төрд харшилж болох болон өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл болон хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах, зуучлах;
  4. Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг амин хувийн болон албан ажилд ашиглахгүй байх;
  5. Алба хаагчийн шалгаж байгаа мэдээ, мэдээлэл, өргөдөл, гомдол, хүсэлт нь садан төрөл, найз нөхдөд нь болон ямар нэг байдлаар түүнтэй шууд ба шууд бусаар хамааралтай бол шалгаж, шийдвэрлэхээс татгалзах;

 ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЗАРЧМЫН ХҮРЭЭНД:

  1. Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, оролцохгүй байх;
  2. Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатай нуун дарагдуулах замаар удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
  3. Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэж гүйцэтгэлийн үр дүнг хариуцах;
  4. Цагдаагийн алба хаагч нь ажлын байранд болон иргэний хувьд цагдаагийн алба хаагчийн нэр хүндийг хамгаалах үүргийг хангах хүрээнд мөрийтэй болон бооцоот тоглоом тоглох, энэ үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцохгүй байх;
  5. . Ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон дүрэмт хувцастай архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх;
  6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хууль тогтоомжийг чанд сахих;
  7. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бусад эм, бэлдмэл болон бусад бодис хэрэглэхгүй байх;
  8. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудаар зохицуулсан дотоод журмыг сахин мөрдөж, бүдүүлэг зан авир, үйлдэл, хөдөлгөөн гаргахгүй байх;
  9. . Шалгаж байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх;

Цагдаагийн алба хаагч нь биеэ авч авах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй.

Ёс зүйн дүрмийг бүрэн эхээр нь https://police.gov.mn/p/863 -ээс үзнэ үү.

Бэлтгэсэн: Н.Цэндбат

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он