Мандтугай.МН – Мэдээллийн эх сурвалж
Connect with us

                                     Шүүгч бусдын хөрөнгөд халджээ

Монголын шүүх мөнгө, эрх мэдэлтний өмнө өвдөг сөхөрдөг болсон  сүүлийн жилүүдэд тэдний нэр хүнд унах болсон. Шүүгчдийн авилга, эрх мэдэл дагасан буруу шийдвэрүүдээс болж монголчууд шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй  гэдэгт эргэлзэж буй нь өнөөгийн үнэн төрх  юм.  Шүүгч буруу шийдвэрийг мэдлэг дутсан, эсвэл бусдын нөлөөнд орж гаргадаг хоёрхон замтай.  Бүх зүйлээс  хараат бус байлгахын тулд  олон улсын жишгээр цалинжуулж буй ганц салбар бол шүүхийн байгууллага. Иймийн учир тэд шударга ажиллах ёстой. Шүүгчийг өөр ажил хийхийг нь хуулиар хориглодог  ч  хадгаламждаа сая ам.доллартойгоос эхлээд  төрөөс төрсөн чимээгүй тэрбумтнууд бол тэд. Өнөөдөр шударга шүүх хаана байна гэж ард түмэн эрэн хайх боллоо. Тэд сүүлдээ бүр хувийн хөрөнгөнд халддаг болсон уу.

Хүний хөрөнгийг эзнээс нь асуухгүйгээр, нотлох баримт бүрдүүлэхгүйгээр, өмчийн эзнийг тогтоолгүйгээр бусдад өгөх тухай захирамжийг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг хууль зөрчин гаргасан байх юм..

Хэргийн түүх ингэж эхэлжээ

2013 оны 4 дүгээр сард “Хадан-Ус” ХХК-ийн захирал  Ц.Эрдэнэ өөрийн эзэмшлийн газарт хөрөнгө оруулж барилгыг бүрэн дуусгахаар “Монхауз” ХХК-д санал тавьж тус компани 100 хувийн хөрөнгө оруулалт хийн барьж гүйцэтгэн 2016 онд ашиглалтанд өгсөн байна.

Ц.Эрдэнэ нь уг барилгад өөрийн оруулсан хөрөнгөндөө “Монхауз” ХХК-тай харилцан тохиролцож  126 айлын орон сууцнаас 13 орон сууцыг авахаар болж 2015 оны 8 дугаар сарын 31-нд хоёр тал гэрээ хийж баталгаажуулсан. Барилгын ажил шувтарсан тул “Монхауз” ХХК гэрээнийхээ дагуу Ц.Эрдэнэтэй тооцоо бүр мөсөн дуусгаад баяртай гээд салсан байна.

Эвлэрлийн хэмээх луйврын гэрээ

2015 онд  Ж. Чинзориг нь уг барилгад  хөрөнгө оруулалт хийсэн гэж  250 м.кв орон сууц авахаар шүүхэд нэхэмжлэл гарган “Хадан ус” компанийн захирал Ц. Эрдэнийг хариуцагчаар татжээ. Эртний хоёр найз шүүх дээр 2015.12.14-ний өдөр  эвлэрлийн гэрээ хийсэн байна. Эвлэрлийн гэх тэр луйврын гэрээндээ тэд бусдын өмчинд дур мэдэн халдаж “Монхауз” ХХК-ийн өмчлөлийн орон сууцнаас 3 ширхэг 3 өрөө байрыг Ц.Эрдэнэ нь өгнө гээд Ж.Чинзориг нь авна гээд тусгажээ. Хоёр найзын  авах гээд байгаа орон сууц нь бусдын өмч байсаар байтал нотлох баримт бүрдүүлэлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг нь Ж.Чинзоригт олгох захирамж гаргачих нь тэр.

Зүй нь бол “Хадан ус” компанийн захирал  Ц.Эрдэнэ өөрт олгогдсон 13 ширхэг орон сууцнаасаа Ж. Чинзоригт өгөх ёстой юм. Ц.Эрдэнэ  “Монхауз”  компанитай хийсэн гэрээндээ хамтран ажиллахаас өмнөх бүх асуудлаа дангаараа хариуцна гэж тусгажээ.

Өөрсдийнх нь яриагаар бол  Ц.Эрдэнэ, Ж.Чинзориг нар өмнө нь хамтран ажиллаж байсан гэнэ.

Ц.Эрдэнэ өөрийнхөө бус “Монхауз”  компанийн өмчийг Ж. Чинзоригт тасдаж өгөхөөр эвлэрсэн. Гэтэл шүүгч Н.Батчимэг бусдын өмчийн ямар нэгэн эрх зүйн чадамжгүй этгээдүүд нэг нэгэндээ өгч байхад  хэний өмч юм бэ? Энэ  “Монхауз” гэж ямар учиртай байгууллага юм, яагаад энэ үл хөдлөх хөрөнгийг худалдаад байгаа юм гэж асуухгүйгээр “СОХОР”-оор захирамж үйлдсэн нь гайхалтай.

Хэрвээ эдгээр зүй ёсны асуултуудаа мэргэжлийн ур чадвар гарган, ёс зүйтэй хандаж асуучихсан л бол “Монхаус” ХХК хохирохгүй энэ олон жил шүүхээр эргэлдэхгүй байх байлаа.

 Энэ үед шүүх дээр болж байгаа  будлиан луйвар, өмчийг нь дээрэмдэж байгааг  “Монхауз” ХХК  мэдээгүй л байлаа. Барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байв. Шүүх дээр болсон асуудлаа Ц.Эрдэнэ ч хэлээгүй, тас нуусаар л байж.

Ж.Чинзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…“Монхауз” ХХК нь тус орон сууцны захиалга авч худалдан борлуулж байна…” гэжээ.

Яагаад “Монхауз”  компани тус орон сууцыг зарж борлуулаад байгаа юм бол энэ нь  өмчид захиран зарцуулах эрх үүссэн байгааг харуулж байгаа юм. Түүнийг улсын бүртгэлийн гэрчилгээ нотолдог юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ. Өмч нь хуулиар хамгаалагдаж байгаа хэрэг.

  Ноцтой нь нэхэмжлэгч нь хэлсээр байтал  яагаад шүүгч Н.Батчимэг үүнийг олж харсангүй вэ. Эсвэл мэддэггүй юм уу. Хэрвээ би шүүгч байсан бол хамгийн түрүүн олж харна. Шүүгчийн олж  харах ёстой хамгийн энгийн зүйл гэж бодож байна. Тиймээс “Монхауз” ХХК-ийг дуудаж асуун гуравдагч этгээдээр оролцуулах байлаа.

Шүүгч хууль зөрчжээ

 Шүүгч Н.Батчимэг нь захирамжиндаа  “…Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ” гэжээ.

Гэтэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д

Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гарганагэж заажээ.

Шүүгч Н.Батчимэгийн захирамж бол дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл бөгөөд  Ж. Чинзориг гэдэг хүний аман үгээр хэргийг шийдэж шүүгчийн үүргээ умартсан үйлдэл гэж харж байна.

Ийм энгийн хэрэг дээр бодит үнэнийг олж харж чадахгүй байгаа нь нэг бол хэнэггүй, эсвэл шунахайн сэдэлтээр гаргасан бохир захирамж гэж хардахаар байна.

Шүүгч Н.Батчимэг бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлаагүй гэдэг дүгнэлтийг санаатайгаар “Монхауз” ХХК-ийн ашиг сонирхлыг зөрчиж хийсэн нь “Эвлэрлийн гэрээ бусдын ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой гэсэн хуулийн утга санаатай зөрчилдөж байгаа юм. Өмчийн гэрчилгээтэй өмч хөрөнгийг хэний өмч болохыг тогтоож чаддаггүй шүүгч Монголын шүүхийг гутааж байна

Үргэлжлэл бий.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн тэргүүтэй шүүгчид энэ хэргийг хэрхэн завхруулж мэргэжлийн  ноцтой зөрчил гаргасныг дараагийн хэсэгт өгүүлнэ.

Хуульч, Судлаач Х.Бат-Ялалт

Share this...
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2017 он